Хүүхдүүд яагаад 9 цагаас өмнө унтах ёстой вэ?


Хүүхдүүд яагаад 9 цагаас өмнө унтах ёстой вэ?

Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрт унтуулахыг хүсдэг ч төдийлөн санаснаар нь болдоггүй.
Технологийн эрин зуун бидний өдөр тутмын зуршилд аажмаар нөлөөлж нэг үеэ бодвол хүүхдүүд орой унтах хандлагатай болсоор байна.
Гэхдээ нөхцөл байдал ямар ч байсан бай хамаагүй хүүхдүүд эрт унтах ёстой бөгөөд яагаад гэдгийг бид танд тайлбарлаж өгье. Биеийн өсөлт хөгжил хүүхдийг унтаж байх үед л явагддаг ба ойролцоогоор оройн 12 цаг 30 минутанд өсөлтийн даавар хамгийн ихээр ялгардаг байна. Хүүхэд оройтож унтсанаар өсөлтийн дааврын ялгаралтын хэмжээг бууруулж өндөр болж чадахгүй байх магадлалтай.
Мөн судалгаагаар хангалттай унтаж амардаг хүүхдүүд анхаарал төвлөрөлт, бүтээмж илүү сайтай, сургууль дээр үзсэн хичээлээ илүү сайн ойлгодог болохыг баталсан байна. Түүнчлэн бага наснаасаа унтах зөв дадлыг хэвшүүлсэнээр том болоод Алцгеймер өвчнөөр өвдөх нь бага байдаг байна. Тус өвчнөөр өвчилсөн тохиолдолд үүнийг удаашруулах арга замууд нь унтаж амрах мөн дасгал хөдөлгөөн хийх явдал юм.
Хүүхдийн бага насандаа олж авсан амьдралын хэвшил насан туршдаа хэвээр хадгалагддаг учир эцэг эхчүүд хүүхдээ зөв унтаж амрах дадлыг багаас нь хэвшүүлэх хэрэгтэй. Зөв хэвшилтэй хүүхэд эрүүл мэнд, биеийн хөгжил, сэтгэл санааны хувьд эерэг байдаг.


Хүүхдээ хэрхэн эрт унтуулах вэ?

  • Та зөвхөн хүүхэд биш гэр бүлийн бүхий л гишүүдийг эрт унтах хэвшилд дасгах хэрэгтэй. Хүүхэд тань унтахаар хэвтэх үед өрөөнүүдийн гэрэл асаалттай, эцэг эх нь зурагт үзэж байвал анхаарал нь сарниж тоглохыг илүүд үзэх болно.
  • Мөн та орой бүр хүүхдээ унтуулахын өмнө тогтсон нэг зүйлийг хийж хэвшээрэй. Жишээлбэл, та орой бүр хүүхэддээ үлгэр уншиж өгч болох бөгөөд хэдэн өдрийн дараа таны хүүхэд ном уншсаны дараа унтах цаг болсон байдаг гэсэн ойлголтыг авах юм.
  • Мөн хүүхдийн унтах таатай орчинг бүрдүүлэх нь чухал. Хурц биш шар гэрэл нь биеийг амрааж, таатай байдлыг төрүүлдэг байна.
  • Хүүхэд бол таны тусгал гэдгийг санаж унтахын өмнө ухаалаг утас, таблет зэргээ унтрааж хэвших хэрэгтэй. Ингэснээр хүүхэддээ муу үлгэр дуурайл үзүүлэхээс сэргийлэх болно.
  • Дасгал хөдөлгөөн хийхээ битгий мартаарай. Оройн хоолны дараа дугуй унаж дасгал хөдөлгөөн хийснээр унтах сэдлийг бий болгодог.
Эдгээр зөвлөмжүүдийг хэрэгжүүлж эрт унтах хэвшилтэй болсноор таны хүүхэд эрүүл саруул өсч бойжих юм.

эх сурвалж хором.com

Comments

Popular posts from this blog

Нүдний давтан мэс засал "ДАВХРАА"

Solongosiin goo saihnii mes zasliin emneleg, veruu nuurnii gajig zasal, shaamii eruu,hohnii mes zasal- ID emneleg /LET ME IN/-iin oroltsogch

Нүүрний тэгш хэм алдагдах гэж юу вэ?